Tuesday, January 1, 2013

Тавдугаар ноён хутагт Данзан Равжаагийн зохиосон сэтгэлийг амраагч хэмээх сургаалиас

Арван хоёр цагын явдал халуунтай хүйтэнтэй
Аж төрөх хүмүүний явдал энд тэндээн жимтэй
Үзэл явдал санаа таарвал ганц хүмүү ч нөхөр
Үг үгээн эс даавал олон хүн ч дайсан

Морь унах хүнд жолоо хэрэгтэй
Бичиг эрдэм сурах хүнд самбаа хэрэгтэй
Урт мод огтлох хүнд хөрөө нөхөр болох
Улс олонтой ханьлах хүнд сэрэмж нөхөр болох

Саруул тал байвч шаврыг нь мэдээрэй
Сайхан янаг байвч санааг нь таниарай
Элгэн уул байвч гуу жалгыг нь мэдэлгүй бүү давш
Янаг амраг боловч итгэлийг ололгүй үг бүү хэл

Унасан морь гижгээн хүрвэл эс үргээвч өшиглөх
Унаган ханилсан нөхөр уураан хүрвэл эс ноцолдовч хэрэлдэх
Дайсны дэргэд амаргаан битгий магт
Янагийн дэргэд дайснаан битгий нуу

Ус хар ч сүүний өнгийг эс харлуулмуй
Сүү цагаан боловч уснаас үл ялгарах
Ус ч сүүг аривтагмой
Сүү ч усыг цагаан болгомуй

Алдартай хулгайчийг явбал шөнө байтугай өдөр ч хардмуй
Атаач хүнийг мэдвэл муухай байтугай сайхан загнавч үл үнэмшмой
Эв тангарагтай хоёр хүн хөгшин залуу хоёр боловч ханилж болмой
Хөгшин нь залуудаа санаагаа үл хармалмой
Залуу нь хөгшиндөө аль бүрийг үл нуумуй

Мэргэн мунхаг хоёр хүн ч ханилж болмой
Мэргэн нь мунхагийн урмыг тэжээн явж нөхөртэй болмуй
Мунхаг нь мэргэний тааллыг олж явсаар ухаантай болмуй

Хоёр түшмэл эвтэй бол хааныг ч чадах
Хоёр хаан эвтэй болвол даян улс амгалан 

Тодорхой толь хэмээх сургаалиас

Огторгуй дор нисэгч шувуу

Огторгуй дуусгаад буух нь бус
Уйдаж чилэхдээн буунам биш үү

Ухаан билэгт сурагчид
Ухааны зүйлийг төгөсгөөд зогсох нь бус
Өөрийн ухааны хирээр суралцаад
Дуусахдаан зогсном биш үү

Их саван дор хийсэн ус
Их боловч үл анзаарагдмуй
Их ухаантан таны сурсан эрдэм
Их боловч үл мэдэгдмүй

Өчүүхэн саванд хийсэн ус өчүүхэн боловч асгах нь хялбар
Өчүүхэн ухаантан таны эрдэм өчүүхэн боловч үзтэл аман дор гармуй
Зургын зул мянга боловч зузаан харанхуйг арилгаж чадахгүй
Золгүй үг түм боловч журам ёсыг яахин тодруулмуй

Эм тахиа өдөр бүр төрөвч
Эрхтэн гүйцэд тахиа болох нь цөөхөн
Эрдэм билгийг сурагчид олон боловч бүтээгчид цөөхөн

Онолт зарим мэргэд олон үг өгүүлэх нь
Омогтойдоон бус утга чанарыг ухсандаан бишүү
Өглөөний эхлүүлсэнийг гүйцээлгүй орхиод
Үдэш бас нэгийг эхлэгч хүний
Үйл хэрэг нь үл бүтмой

Хэлсэн даруй мэдмээр болоод
Хэд хоновоос мартаж орхигч
Хичээнгүй бус тэнэнгийн зан

Тодорхой зүйлыг үзсэн цаг дор
Тогтоож авах нь түргэн бөгөөд
Тун ч үл мартагч туурвил сайт мэрэгдийн зан

Угийн хэр ямар бөгөөс
Үнэн түүгээрээн явагч хүн
Олон мэрэгдийн дотор боловч
Овог үгүй баатар болмой

Түр зуурын жаргалд ташуураад
Алс хэтийг үл бодогч хүн нь
Алхын тул бүртэгсэн гахай
Ажиггүй хэвтэх лүгээ адил

Учирсан бүхэн лүгээн ханьлаад
Удалгүй уйдаж салаад
Урдахаан муушаан өгүүлэгч
Ухаан муутны ханилхын зан

Зүйтэй нөхрийг шинжлэн таньж ханьлаад
Зөв буруу хоёрыг асуулцан явж үйлдээд
Зовлон жаргал хоёрыг адил хуваан эдлэгч
Зохист мэргэдийн ханилхын ёс

Амар байх цагт амраглан ханилсан нөхрийг
Арга мухардах үед орхин зайлагч
Ааш батгүй адаг тэнгэийн зан

Худал үгүй үнэн үг
Хор үгүй сайхан сэтгэл
Хуумгай үгүй бат явдал
Энэ гурвуулаа бүрдвээс мэргэний туйл

Хэлсэн бүгдийг худал болгоод
Гишигсэн бүгдийг хуумгай болгоод
Үгүй хэрэг дор харин хэрсүүлэгч
Хэрэггүй тэнэгийн туйл

Энгийн улсын хэлэлцдэг үг
Эцэсдээн сайн муу адил үгүй тул
Эрдэмтэй гэмтэй хоёр явдлыг
Эрэгцүүлэн бодож явагтүн

Эх сурвалж: http://buddhism.mn/info/8/505

Thursday, May 31, 2012

Нагаржуна багшийн билиг сургаалаас ....

Чи асар их буяны үнэ төлж байж хүмүүн биеийн хөлөг онгоцыг худалдаж авчээ. Одоо үүнийгээ дэмий сүйтгэлгүй орчлонгийн далайг гатлах унаа болгон ашиглагтун.

Хүмүүн биеийг олчихоод хилэнц үйлдэгчид рашаан хийвэл зохист эрдэнийн завъяаг бөөлжис баасны хөтөвч болгож байгаагаас өөрцгүй.

Салхинд барьсан зултай адил бидний бие үхэл мөхлийн шалтгаан дунд амьдардаг. Орой унтаад маргааш өглөө амьсгал аван сэрэх гэдэг юутай их аз завшаан.

Уул овоо шиг эд мөнгө хураавч түүнээсээ тоосны төдийг авч явалгүй орхин одох нь зүүдэндээ эрдэнэ олоод сэрсэн гуйлгачин мэт гаслантай.

Зуурдын ашгаас болж өнийн их хэргээ балладаг тэнэг хүн үмх махнаас болж хавханд орох араатнаас өөрцгүй.

Өвчтэй хүн эрүүл болбол жаргалтайсан гэдэг.
Өтөлсөн хүн залуу болбол жаргалтайсан гэдэг.
Эрүүл чийрэг, идэр залуу атлаа жаргалгүй амьдарч яваа хүмүүс юугаа хэлнэм.

Ачийн хариуд бачлах нь дааж давшгүй өр төлөөс юм шүү. Сүн далайг яндаж, сүмбэр уулыг өргөх нь ч түүний дэргэд хөнгөн.

Сэтгэл эелдсэн хүн хол боловч ойр.
Сэтгэл эершээгүй хүн дэргэд байвч хол.

Амраг гээд нүүрэнд нь цэцэг дэлгэрэхгүй.
Атаатан гээд толгойд нь эвэр ургахгүй.

Зуун хүний дотроос нэг баатар олдоно.
Мянган хүний дундаас нэг мэргэн гарна.
Зуун түмний дотроос ганц бодь сэтгэлтэн олдох бол уу.

Гал модоор ханадаггүй шиг балчир ухаантнууд хүслээр ханадаггүй.

Сэтгэл ханамжтай бол ядуу ч байсан баян.
Сэтгэл ханамжгүй бол баян ч байсан ядуу.

Энэ ертөнцийн зүүд зэрэглээнд хууртан шунаваас Загарвардийн хаан ч бай үнэн сүсэгт шивэгчнээс дорд заяатан ажгуу.

Модноос хорхой бүтвэл мөнхүү модоо идэх.
Түлээнээс гал ноцвол мөнхүү түлээ нь үнс болох.
Хэн хүн нүгэл хураавал өөрөөн зовох жамтай.

Өнгө мөнгөөр баян нь тэрсүүдийн дотор ч зөндөө.
Цөс зоригоор эрэмгий нь адгуусны дунд ч олон.
Эндүүрэлгүй үнэнийг хэлэх ухаантан л
Элсэн дундаас олдох сувд шиг ховорхон.  

Орчлонгийн жам ёс, үйлийн үрийг үгүйсгэвэл гаслан зовлонгоос хэлтрэхгүй. Бас, нэр ба дүрсийг бодит үнэн гэж ташаарвал үнэмлэхүй эрх чөлөөнд хүрэхгүй. Нөхцөлдөж бүтсэн юм бүхэн хоосон чанартай.

Хүр чулууг уулын орой өөд гаргахад маш их хүч орно. Харин уруугаа алдаж өнхрүүлэхэд ядах юмгүй. Тийм учир эрдмийг хүсвэл залхууг огоор. Залхууг хүсвэл эрдмийг огоор.

Бусдыг буруутгаж, өөрийгөө дөвийлгөх, унхиагүй залхуу, туйлбаргүй хуйсгануур зан, хоосон санаашрал нь дотоод эрдэнэсийн санг сэм хоосолдог таван хулгайч юм.

Илжгэнд цэцгэн эрхи юун хэрэг.
Гахайнд тансаг зоог юун хэрэг.
Дүлий хүнд яруу хөгжим юун хэрэг.
Ухааны сүв нь бөглөрсөн хүнд судар шастир юун хэрэг.

Хүмүүс анар жимс шиг дөрвөн янз: Гаднаа болсон харагдавч дотроо түүхий. Дотроо болсон атал гаднаа түүхий харагдах. Эсвэл гадна дотногүй түүхий. Эсвэл гадна дотногүй боловсорсон байх. Чи сүүлчийнх нь бологтун.

Гэрлээс гэрэл рүү, гэрлээс харанхуй руу явдаг хүн бий. Бас харанхуйгаас гэрэл рүү, эсвэл харанхуйгаас харанхуй руу явдаг ч хүн бий. Ухаант хүн гэрлээс гэрэл рүү явах шиг энэ насандаа амар жаргалтай, эцэс хойтдоо ерөөл буянтай амьдардаг.

Зарим хэрэгт өвс мэт бөхөлзвөл зохино.
Зарим хэрэгт гал мэт дүрэлзвэл таарна.
Зарим хэрэгт боол мэт гүйвэл зохино.
Зарим хэрэгт уул мэт суувал таарна.

Хэрээн дунд галуу шоовдор.
Илжиг дунд хүлэг шоовдор.
Мунхгийн сүрэг дунд оюун билигтэн шоовдор.

Ном сургаал судлавч сэтгэл зүрхэндээ гэрэл асаахгүй бол гартаа дэнлүү барьсан сохор хүнээс ялгаа юу байх вэ.

Бохир нийгэмд амьдравч балчиг дунд цэцэглэх бадамлянхуа шиг бай. Гэгээн мэргэдээс хол оршивч холхи сарны туяаг шимэн дэлгэрэх гүмүда цэцэг шиг адис ивээлийг нь өөртөө шингээж яваарай.

Эх сурвалж: http://badral.niitlelch.mn/content/4095.shtml

Tuesday, May 29, 2012

Шинэ бичлэг

Хэдэн сараар блогоо сөхөж ч харсангүй. Тийм их завгүй байв уу? эсвэл өөрөө өөртөө зав гаргахгүй байв уу? бодоод байсан чинь эхнийх нь юм шиг байна. Багшийнхаа хичээлд 2-3 удаа суусан байна, йогын хичээлдээ бараг 3 сар явсан байна, 1-2 ном уншиж, хувийнхаа амьдралд чухал өөрчлөлт хийсэн гээд ер нь блогоо хөтлөөгүй өнгөрсөн хугацаанд нилээн зүйл хийж амжуулжээ.
Нээрээ бас нэг тэмцээнд ороод 2-р байр эзэлсэн юм байна. хэхэ.
Одоо харин зуны 3 сард хийж амжуулах ажлынхаа жагсаалтыг гарганаа. 
  1. 2-3 удаа англи хэлний хөтөч хийх (амралтынхаа өдрүүдийг авч байгаад амжуулна :-))
  2. Ном унших (What the Buddha taught, The foundation of buddhism)
  3. Өглөөд гүйнэ (Жингээ 57кг-аас хэтрүүлэхгүй барих)
За, нэг иймэрхүү л ерөнхий төлөвлөгөө тавъя. Хувийн амьдралын асуудлыг ганцаараа төлөвлөх нь утгагүй учир бичихээ болилоо.

Одоо ойр ойрхон блогоо тойрч байна :-).

Wednesday, November 16, 2011

Цагаан хоолны жор оллоо ... :-),

1. ШПАГЕТИ

Орц:
-Нарийн гоймон 60-70 гр
-Шар буурцгийн хатаасан уураг 50-80 гр
-Бөөрөнхий сонгино 20-30 гр
-Давсалсан мөөг 10-15 гр
-Амтат улаан чинжүү 20-30 гр
-Цоохор майлз /навчгүй/ 1ш
-Ургамлын тос 2-3 х.х

Амтлагч:
-Улаан лоолийн нухаш 1-2 х.х.
-Кетчуп 1х.х
-Мaгги цуу тохируулах
-Давс тохируулах
-Элсан чихэр тохируулах
-Хоёр төрлийн соустай хийж болно./улаан болон цагаан сүмс/.

Хийх арга:
- Гоймонг буцалж буй усанд чанаад шүүж гаргасны дараа оливийн тос нэмж хутгаад бэлтгэсэн сүмсээр амтлана.

Улаан сүмс бэлтгэх арга:
- Улаан лоолийн оройн хэсгийг чагтлан зүсэж халуун усанд 1-2 минут орчим шазлаад хальсыг хуулна. Хальсалсан улаан лооль, бөөрөнхий сонгиныг жижиг хэрчинэ.
- Дэвтээсэн шар буурцгийн уургийг жижиглэн хэрчинэ. Цоохор майлзыг жижиг хэрчээд хамт хуурна.
- Ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд хэрчсэн сонгино, улаан лоолийг хуураад улаан лоолийн нухаш, кетчуп, мaгги цуугаар амтлана.
- Дээр нь хэрчиж бэлтгэсэн уураг, мөөг, давс, элсэн чихэр, ус нэмж 5-10 мин зөөлөн галаар жигнэж болгоно. Сүмсийг гаргахын өмнө өндөггүй майонез, нунтаг перцээр амтлана.
- Чанаж амталсан гоймонг таваглаж дээр нь бэлтгэсэн сүмс хийгээд яншуй, амтат чинжүү болон дуртай ногоогоор чимэглэнэ.

2.МӨӨГ, ДҮПҮТЭЙ ШӨЛ

Орц: шинэ мөөг -100г, Дүпү200г, Далайн байцаа 50-80г, Шар буурцгийн нухаш 50г, Гүнжидийн тос 1х.х

Амтлагч: Давс,элсэн чихэр,мөөгний амтлагч тохируулах

Хийх арга: Шинэ мөөгийг угааж хэрчээд шарна. (Хатаасан мөөг бол урьдчилан дэвтээнэ).
Далайн байцааг угаагаад хэрчинэ. Дүпүг хэрчинэ.
1 литр усанд дүпү, далайн байцаа хийж чанаж шөл гаргана.
Шар буурцгийн нухшийг 1 аяга усанд хийж уусгаад шөлөнд нэмж буцалгана.
Мөөгийг тусад нь шарж шөлөнд нэмээд мөөгний амтлагч, гүнждийн тос, давс, элсэн чихрээр амтлана.

3. ДҮПҮНИЙ БӨӨРӨНЦӨГ

Орц:
Дүпү 500гр
Шар лууван 1-2ш
Бор мөөг 3-4ш
Цагаан гаа 20-30гр
Цагаан будаа 1 аяга
Яншуй бага зэрэг

Амтлагч:
Давс тохируулах
Элсэн чихэр тохируулах
Мөөгний амтлагч 5-10 гр
Магги цуу 1 х.х
Эрдэншишийн цардуул 15-30гр
Перец бага зэрэг

Хийх арга:
Дүпүг жижиглэн хэрчих юмуу бутлагч машинаар жижиглэнэ.
Цагаан будааг чанах
Шар лууван, бор мөөг, цагаан гааг хярж хэрчих юмуу үрүүлээр үрж жижиглэн тос хийж халаасан хайруулын тавганд хуурч болгоод мөөгний амтлагч, давс, элсэн чихэр, магги цуу зэргээр амтлана.
Хуурсан ногоог хөргөсний дараа бэлтгэсэн дүпүний хольц, будаатай нэмж хутгаад нунтаг хар перец, цагаан гаагаар амтална. Шанзанд цардуул нэмж хутгаснаар хэвлэж шарах явцад задрахаас сэргийлнэ.
Бэлтгэсэн шанзыг бөөрөнхийлж халаасан их тосонд шарна.


4. МАХГҮЙ БУУЗ

Орц:
гурил- 200гр, лууван- 50гр, төмс- 50гр, шар буурцагны мах -50гр, ургамлын тос- 50гр

Амтлагч:
сонгино- 10гр
вегетал амтлагч буюу өөрийн дуртай хоол амтлагч
жан (шар буурцагийн сүүмс)

Бэлтгэх арга:
Энэ маш энгийн та гэртээ яаж бууз хийдэг билээ яг тэрэнтэйгээ адилхан. Махний оронд шар буурцгийг ашиглахад л болно. шар буурцагны махаа усанд хийж дэвтээгэд 10мин хийж дэвтээнэ. Дараа ни хүйтэн усаар залиж жижиглэж хэрчинэ. Амтлагчуудаа хийж хуураaд хөргөнө. Гурилаа бүлээн усанд шингэвтэр зуурна. луувангаа үрж бэлдээд тосонд хуурна. төмсийг чанаад нухашлаад хөргөнө. сонгиноо жижиг хэрчиж бэлтгэнэ.

Хийх арга:
Сонгинотой лууван, бэлдсэн шар буурцгийн мах, төмсөө холиж холицоо бэлдэнэ. гурилаа жижиг таслаад буузаа чимхээд жигнэнэ. Ингээд л бэлэн болчихно. та ширээгээ оорийн дуртай зуушний хамт чимэглэн засаад л өөрийн хийсэн гайхалтай хоолийг амтархаад үзээрэй! *-*
шараад идвэл бүр ч амттай!!!!!


5. МӨӨГ БОЛОН САРМИСТАЙ ТӨМСНИЙ ХАЙРМАЛ

Орц: Төмс таван ширхэг, мөөг - 300 г, ургамлын тос хоолны гурван халбага, сармис нэг хумс, жижиглэсэн хатаасан талх хоолны нэг халбага, давс
Бэлтгэх арга:
Бэлтгэх хугацаа нэг цаг, зургаан хүний порцоор
1. Хайрахад зориулж сармисаа нимгэн хэрчинэ.
2. Төмсөө нимгэн дугуй хэлбэртэй зүснэ.
3. Төмсөн дээрээ нимгэн зүссэн мөөгөө тавьж, давс цацан тосолно.
4. Дээр нь хатаасан талхны нунтгаа цацаж, 180 °С хэм халаасан шарах шүүгээнд хийж 40 – 50 минут хэртэй болгоно.
5. Таваглаж өгөхийн өмнө нунтаг ногоо цацаж өгөөрэй.

6. ТӨМСНИЙ ЖИГНЭМЭГ

Төмсний жигнэмэг хүүхдүүдэд их таалагддаг юм. Бэлтгэх хугацаа нэг цаг.
Орц:
Зургаан хүний порцоор. Нэг кг төмс, 200 мл сүү, 100 г цөцгий, гурван ширхэг төмс, 400 г бууцай, хоолны хоёр халбага улаан лоолийн нухаш, хоолны нэг халбага сахар.
Бэлтгэх арга:
Төмсөө хальстай нь чанаад цэвэрлэнэ. Дараа нь сүү, цөцгийтэйгээ холин нухаш болгоно. Түүнийгээ гурван хэсэг болгон хуваана.
Бууцайгаа буцалсан усанд хоёр минут хэртэй байлгаад авч, жижиглээд нэг хэсэг төмсний нухаштайгаа холино. Нөгөө хэсэг нухашаа улаан лоолийн нухаш, сахартай холино.
Шарах шүүгээгээ 180 С хэм халааж, төмсний нухашаа хэлбэрт оруулан тавьж 8 – 10 минут болгосны дараа таваглаж өгөөрэй.


7. ГУРИЛЫН УУРАГ ГАРГАХ /ГЛУТИН/

Орц: Дээд гурил 1 кг Ус 400-600мг

Хийх арга:
Гурилаа шингэвтэр зуурч гялгар уутанд буюу саванд хийж 2-4 цаг орчим байлгаад савтай хүйтэн усанд хийж базах ба цардуулыг гүйцэд угаах зорилгоор усыг хэдэн удаа солино. Гаргаж авсан уян хатан, сунамхай шинж чанартай хэсгийг глутин уураг гэх ба 1 кг гурилаас 350 г орчим глутин гарна гэж тооцоолдог. Үүнийг буузны гурил шиг жижиг хэмжээтэй таслаж нимгэн элдээд шарж юмуу жигнэж болгосны дараа хэрчээд төрөл бүрийн хоолонд мах орлуулан хэрэглэж болно.


8. ТӨМСНИЙ НУХАШ БҮХИЙ АМТАТ ХООЛНЫ ЖОРООС..

Төмсний бараг 29 хувь нь цардуул, таван хувь нь уураг байдаг тул хамгийн тэжээллэг хүнсний тоонд зүй ёсоор ордог.
Орц: Шинэхэн төмс нэг кг, шинэхэн сармис нэг толгой, гаа, “экстра виржин" оливын тос 2/3 стакан, том далайн давс, хар перец бэлтгээрэй.
Бэлтгэх арга:
Төмсөө сойзоор үр. Харин хальсалж болохгүй. Дараа нь 170 °С хэм халаасан шарах шүүгээнд хийж цаг хэртэй байлга.
Гааны навчийг мөчрөөс нь салгаад үрүүлээр үрж, цэвэрлэсэн сармисны хумсны хамт холигчид ургамлын тостой нэгэн төрлийн зуурмаг болгоно. Харин навчийг нь жижиглэж хэрчээрэй.
Бэлэн болсон төмсөө халуунаар нь дөрөв хуваагаад тосонд дүрж давс болон амтлагчид хийж хутгана. Таван минут хэртэй байлгасны дараа гааныхаа жижиглэсэн навчаас цацаж, халуун, бүлээнээр нь өгөөрэй.

9. ХУЛУУНЫ ЗУТАН ШӨЛ
 
Орц
Хулуу 800-1000г, Төмс 200г Бөөрөнхий сонгино 1ш, Шинэ цөцгий120г, Карри 2х.х,
Цөцгийн тос 10-15 г, Ус аяга

Амтлагч
Цөцгийн тос 5-10г, Гурил 2-3 х.х., Мөөгний амтлагч 1/2х.х., Давс тохируулах

Хийх арга:
Хулуу, төмсийг томхон хэрчмээр хэрчээд 15-20 минут жигнэж болгоно. Хулууны үрийг цэвэрлээд жижиг хэрчинэ. Төмсийг жижиг хэрчинэ.

Хэрчсэн хулуу, төмсийг холигч машины саванд хийгээд дээр нь хүйтэн ус, цөцгийнд хутгасан карри нэмж машиныг 1-2 минут орчим ажиллуулж ногооны шингэн хольц бэлтгэнэ.
Үүнийг саванд хийж зөөлөн гал дээр тасралтгүй хутгаж буцалгаад дээр нь цөцгийн тосонд хуурсан гурил нэмж өтгөрүүлнэ. Зутан шөлийг мөөгний амтлагч, давсаар амтлана.

    10. АМТАТ ЧИНЖҮҮТЭЙ БУРХАДЫН ЗООГ

    Орц:
    Бурхадын зоог /хатаасан шар буурцгийн уураг/100 гр, амтат ногоон чинжүү 1/2ш, амтат улаан чинжүү 1ш, амтат шар чинжүү 1ш.

    Амтлагч:
    Халуун ногоотой сүүмс 2х.х, бага зэрэг ус.
    Хийх дараалал:
    Бурхадын зоогийг бүлээн усанд 15-20 минут орчим дэвтээсний дараа цэвэр усаар хэд хэд зайлж усыг нь сайтар шахаж базаад жижиглэж хэрчинэ.
    2. Амтат ногоон, улаан, шар чинжүүг угаагаад үрнээс нь салгаж цэвэрлэсний дараа дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ.
    3. Тос хийж халаасан хайруулын тавагт хэрчиж бэлтгэсэн бурхадын зоог болон чинжүүг хийгээд хуурч шарна.
    4. Халуун ногоотой сүүмсийг бага зэрэг усаар шингэлээд хуурсан ногооны дээр нэмж хутгаад савыг таглаж бага зэрэг жигнэнэ.

    11. НОГООТОЙ МАНТУУН БУУЗ

    Орц:
    Улаан буудайн дээд гурил 3 аяга, хүнсний сод 1ц.х., бөөрөнхий байцаа 1/4, бор мөөг 3ш, шахмал дүпү 3ш, лууван 1/2ш, цагаан гаа 1 хэрчим
    Амтлагч:
    ус 1 аяга, давс, гүнждийн тос, перец.
    Бэлтгэх арга:
    1. Гурилд хүнсний сод, давс хийж холиод ус нэмж зуурмаг бэлтгэнэ. Гурилан зуурмагийг хэсэг зуур амраасний дараа жигд хэмжээтэй таслан хуваагаад захыг нь нимгэвтэр элдэнэ.
    2. Байцаа, цагаан гааг хярж хэрчинэ. Бор мөөгийг усанд дэвтээж зөөлрүүлээд жижиглэж хэрчинэ. Лууван, шахмал дүпүг жижиглэж хэрчинэ.
    3. Байцаанд бага зэрэг давс нэмж 50 минут орчим тавьж давслаад шүүснээс нь салгаж шүүж авна. Хайруулын тавагт бага зэрэг тос хийж халаагаад бор мөөгийг хуурна. Лууван, шахмал дүпүг дээр нь нэмээд үргэлжлүүлэн хуурч болгоно.
    4. 3-т бэлтгэсэн ногоонуудыг хольж, дээр нь давс, гүнждийн тос, перец, хэрчсэн цагаан гаа нэмж амтлаад шанз бэлтгэнэ.
    5.Шанзыг 1-д бэлтгэсэн зуурмагийн голд тавьж амсрыг чимхээд жигнүүрт тавьж 10-15 минут жигнэж болгоно.


    12.ГЭРИЙН НӨХЦӨЛД ДҮПҮ ХИЙХ АРГА

    ОРЦ:
    - Шар буурцаг /бүтэн үрт/ 400гр
    - Кальцийн сульфат 15 гр

    ХИЙХ ДАРААЛАЛ:
    Шар буурцгийг угаагаад гэмтэж муудсан хэсгийг ялгаж цэвэрлэнэ.
    Цэвэрлэж угаасан 400гр шар буурцгийг 5 дахин их хэмжээтэй хүйтэн усанд хийгээд тасалгааны температурт 8-12 цаг дэвтээнэ.
    Дэвтээсэн шар буурцгийг /жин нь ойролцоогоор 800гр болно/ уснаас шүүж гаргаад хүйтэн усаар хэд хэд зайлна.
    Шар буурцгийг холигчийн /блендер/ саванд хийгээд дээр нь 3 литр орчим хүйтэн ус нэмж холигч машины хамгийн өндөр хурдаар 3 минут орчим хугацаанд бутлана.
    Ялгарсан сүүг бөс даавуун шүүлтүүрээр /бяслагны даавуун шүүлтүүр/ шүүж сүүг цэвэр саванд юүлнэ. Сүүний гарц 3 литр орчим байна.
    Бэлтгэсэн шар буурцгийн сүүг 10 мин орчим нам гал дээр хөөрүүлнэ.
    Хөөрүүлсэн шар буурцгийн сүүг 80С хэм хүртэл хөргөнө.
    Ээдүүлэх уусмалыг бэлтгэхдээ 100мл усанд 15 гр кальцийн сульфат хийж уусгаад бага зэрэг халаана. Бэлтгэсэн ээдүүлэгчийг халуун шар буурцгийн сүүнд нэмж хутгана. Ээдэм үүсч эхэлмэгц хутгалтыг зогсооно. Сүүг гүйцэд ээдүүлэх зорилгоор 10 минут орчим хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй. Шар буурцгийн ээдмийн хэмжээ нь сүүний жингийн 0,25-0,5% байдаг.
    Ялгарсан ээдмийг бөс даавуун уутанд хийж шүүгээд шар сүүг шахаж сайн нягтруулж боогоод дүпү шахах зориулалтын саванд /монгол бяслаг хийдэгтэй адил/ хийж 15 минут орчим байлгаж шар сүүг гүйцэд шүүрүүлэн дүпүг хэлбэржүүлнэ.
    Шахсан дүпүг уутнаас нь гаргаж хутгаар хэдэн хэсэг болгож хуваагаад хүйтэн усанд сойж хөргөнө.
    Дүпүг хүйтэн усанд сойж хөргөгчид хадгалах ба өдөр бүр усыг солих шаардлагатай.

      13. СОУСТАЙ ШАРСАН ДҮПҮ

      Орц:
      · 1 хоолны халбага нунтаг цагаан гаа
      · 2 цайны халбага элсэн чихэр
      · аяганы ¼ гүнжидын тос
      · аяганы ¼ ус
      · аяганы ¼ шар буурцгийн соус
      · 300 гр шарсан дүпү

      Арга:
      Шарсан дүпүг жижиглэн гурвалжин эсвэл дөрвөлжин хэрчинэ.
      Хайруулын тавгаа халаан гүнжидын тос хийнэ
      Нунтаг цагаан гаагаа хийн хутгана.
      Дараа нь дүпү, шар буурцгийн соус, элсэн чихэр нэмнэ.
      Хэдэн минут хутгаж байгаад усаа нэмнэ.
      Бага зөөлөн галаар болгоно.
      Усгүй болтол нь 1-2 мин хутгаж байгаад гаргана.


      14. Карритай будаа

      Орц:
      Агшаасан цагаан будаа 1,5аяга
      Бор мөөг 3-4ш
      Цоохор майлз/чинцай/ 1-2ш
      Амтат чинжүү/улаан/ 1ш

      Амтлагч:
      Карри 1/2х.х
      Мөөгний амтлагч 1/3х.х
      Элсэн чихэр 1/3х.х
      Сүү 3-4х.х
      Нунтаг бяслаг 2х.х
      Давс тохируулах
      Чимэглэл:Цөцгийн тос 10-15г Хушны самар 3-5г

      Хийх арга:
      - Бор мөөг, цоохор майлз, амтат чинжүүг угааж цэвэрлээд жижиг хэрчинэ.
      - Тос хийж халаасан хайруулын тавганд хэрчсэн бор мөөг, амтат чинжүү, цоохор майлз хийж хуураад карри, агшаасан цагаан будаа нэмж хутгана.
      - Дээр нь сүү, элсэн чихэр, давс, нунтаг бяслаг хийгээд савыг таглаж хэдэн минут жигнэнэ. Хоолыг таваглаж цөцгийн тосонд хуурсан хушны самраар чимэглэнэ.

      15. СОЛОНГОС ХООЛНЫ ПАНЧАН

      Панчанд хэрэглэдэг халгай маягийн ногоон ургамлыг халуун усанд шалзлаад дараа нь хүйтэн усанд сойно. Ногоон өнгийн ургамлыг өнгийг нь хадгалахын тулд хүйтэн усанд сойдог. Сойсон ногоогоо 5 см урттай хэрчинэ. Улаан шар чинжүү нарийн хэрчиж холиод гүндийн үр, гүнжидийн тос, давс мөөг амтлагчаар амтлана.

      Панчанд хэрэглэдэг халгай маягийн ногоон ургамлыг халуун усанд шалзлаад дараа нь хүйтэн усанд сойно. Сойсон ногоогоо 5 см урттай хэрчинэ. Гүнжидийн үр, гүнжидийн тос, давс, мөөг амтлагчаар амтлана. Дуфугээ бяцалж холиод сармис, ногоон сонгино, улаан халуун чинжүү жижиглэн хэрчээд дээр нь хийж холино.

      Хулуугаа нимгэн саран хэрчээд зөөлөртөл нь халуун усанд шалзална. Чимэглэх зорилгоор жаахан улаан шар чинжүү адил хэлбэртэйгээр хэрчинэ. Давс, мөөг амтлагч, гүнжидийн үр, гүнжидийн тосоор амтлана.

      Цэвэрлэсэн дуягаа буурцагны соёолж халуун усанд шалзална. Давс, мөөг амтлагч, гүнжидийн тос, миксердсэн гүнжидийн үрээр амтлаад ногоон сонгино, улаан шар чинжүү жижиг хэрчээд холино.

      Хашаа уртын тагууд нь хуваагаад зөөлөртөл нь жигнэнэ. Зөөлөрсөн хашаа гараараа цуулж жижиглэнэ.
      Жижиглэсэн ногоон сонгино дээрээ соя соус хийгээд гүнжидийн үр, гүнжидийн тос, сахарын уусмал, мөөг амтлагчаар амтлаад хаш дээрээ хийнэ. Улаан шар чинжүү нарийн хэрчиж чимэглэнэ.

      Со байцаагаа жаахан зөөлөртөл нь халуун усанд шалзална. Шалзалсан байцаагаа хөргөөд 1.5 см өргөнтэй хэрчинэ. Тэнжан жангаар амтлаад, мөөг амтлагч, гүнжидийн үр жаахан нэмнэ.

      Цагаан луувангаа нарийн савхан хэрчинэ. Нарийн хэрчсэн бөөрөнхий сонгино, алимны уксус, давс, сахар, нунтаг улаан чинжүүгээр амтлаад сайн хутгаж өгнө. Улаан ногоон чинжүүгээр чимэглэнэ.

      16. ХАР МӨӨГНИЙ ХУУРГА

      Орц: хар мөөг, улаан шар чинжүү, өргөст хэмх, нарийн цагаан мөөг
      Соус
      4 хэрчим хан боргоцой, хан боргоцойны шүүс
      Гүнжидийн тос халаагаад дээр нь хар мөөг хийгээд хуурна. Хар перец, мөөг амтлагчаар амтлаад гүнжидийн тос жаахан нэмж өгнө. Хуурсан мөөгөө таваглаад жижиглэж хэрчсэн ногоогоор чимэглэн дээр нь соусаа хийж өгнө.

      17. ЭНЭТХЭГ КАРРЕЙ

      Орц: дүпү 1ш, газрын самар хагас аяга, шар хулуу хагас аяга, хэрчсэн лууван хагас аяга, бөөрөнхий сонгино хагас, ногоон буурцаг хагас аяга, өтгөрүүлэгч юумуу оронд нь гурил хийж болно 3 халбага, ургамалын тос, давс болон амтлагч, перец жоохон, нунтаг каррейгаа өөрийнхөө идэх хэмжээгээр тохируулж хийх, ус 2 аяга,
      Хийх арга: Дүпүгээ дөрвөлжин хэрчээд хурц гал дээр шаралтал нь шарна.
      зөөлөвтөр гал дээр хэрчсэн ногоогоо хуурна. Хамгийн эхэнд лууван хулуугаа хуурна.
      Бүх орцоо хийгээд сайтар хуурна. Усаа хийгээд буцалш эхлэхэд нь Каррейгаа хийнэ. Буцалж эхэлмэгц галаа багасгаад дүпүгээ хийж хутгана.

      18. ЖАНТАЙ ГОЙМОН

      Орц: байцаа, төмс, сонгино, мөөг, өргөст хэмх
      Амтлагч: гоймонгийн жан, сонгины тос, сонгины паста, тэнжан, бор сахар, мөөг амтлагч, крахмал, гүнжидийн тос
      Бэлдэх арга:Байцаа, төмс, сонгино, мөөгөө жижгэвтэр дөрвөлжин хэрчинэ.
      Халуун тосонд гоймонгийн жангаа хийж бага гал дээр хуурна хар болтол жангаа тостой нь хамт хөргөгчинд хадгалж болно.
      Сонгины тос халаагаад сонгиноо хуурна, дээр нь мөөг байцаагаа хийж хуураад сонгины пастагаар амтлана. Төмсөө хийгээд ногооны шөл хийж буцалагана. Хуурсан жангаа хийнэ. Тэнжан солонгос бор савтай жан, буурцагны зурагтай жангаас бага зэрэг хийнэ. Тал стакан бор сахар, мөөг амтлагчаар амтлаад крахмалны уусмал хийгээд гүнжидийн тос нэмнэ.
      Чанаад хүйтэн усанд сойсон гоймонтойгоо холиод, нарийн хэрчсэн огурцы дээр нь тавьж өгнө.

      19. ТӨМСНИЙ ШАРВИН

      1 ширхэг түүхий төмс, 2 ширхэг сонгиноо үрэгчээр үрнэ. Дээр нь шар буурцагны нунтагсүү хийж хутгана, давс болон мөөг амтлагчаар амтлаад гурил жаахан нэмээд нимгэхэн шарвин шарна, зуурмаг нь өтгөн биш шингэн биш байна.


      20. ХАР МӨӨГНИЙ ХУУРГА

      Орц: хар мөөг, улаан шар чинжүү, өргөст хэмх, нарийн цагаан мөөг
      Соус 4 хэрчим хан боргоцой, хан боргоцойны шүүс, яншуй,1 халбага гич, давс, сахар, 2 халбага алимны уксус, нэг урт шанцай хийгээд миксердэнэ.
      Гүнжидийн тос халаагаад дээр нь хар мөөг хийгээд хуурна. Хар перец, мөөг амтлагчаар амтлаад гүнжидийн тос жаахан нэмж өгнө. Хуурсан мөөгөө таваглаад жижиглэж хэрчсэн ногоогоор чимэглэн дээр нь соусаа хийж өгнө.

      21. ТӨМС БУДААНЫ БӨӨРӨНЦӨГ

      Орц: гурил, крахмал, буурцагны сүү, нухсан төмс, цагаан будаа, бууцай, нарийн цагаан мөөг
      Амтлагч: мөөг амтлагч, хар перец, миксердсэн сонгино, майонез, сухари, гүнжидийн үр, гүнжидийн тос
      Зуурмаг бэлтгэх: 5 халбага гурилан дээр 5 халбага крахмал хийгээд мөөг амтлагчаар амтлаад буурцагны сүүгээр зуурна.
      Шанз бэлтгэх: нухсан төмс болон цагаан будаан дээр хар перец, сонгино, мөөг амтлагч,майонез хийгээд сайтар хутгана. Шанзаа бөөрөнхийлөөд сухари дээр өнхөрүүлнэ. Сухариа жаахан чийглэж өгнө. Ингэж бэлдсэн бөөрөнцөгөө хөргөгчинд хийж хөлдөөгөөд 10-20 хоног хадгалж болно.
      Шанз дээрээ гурил сухари нэмж зуураад котлет хэлбэртэй болгож болно. Котлетны 2 талаас гурил крахмалны зуурмагаа түрхээд мөн сухари дээрээ өнхөрүүлээд хөргөгчинд хийж хадгалж болно.
      Хайруулын тавганд их тос халаана. Халсан тосруугаа зуурмагнаасаа дусаахад:
      • Доошоо ороод эргээд гарч ирэхгүй бол тосны температур 150 хэмээс доош байна гэсэн үг,
      • Хийнгүүд доошоо орохгүй шууд шажигнаад байх юм бол 200 хэмээс илүү гарсан байна гэсэн үг,
      • Доошоо ороод эргээд гарч ирээд шажигнах юм бол хамгийн тохиромжтой буюу 200 хэм байна гэсэн үг.
      Тосоо халмагц бөөрөнцөг болон котлетоо хийж шарна. Зуурмаг нь шингэдсэн бол задраад байдаг.
      Халуун усанд шалзалсан бууцайн дээр давс, мөөг амтлагч, гүнжидийн үр, гүнжидийн тос хийж амтлаад тавгандаа дэвсэж тавьж өгнө. Дээр нь котлетоо тавина. Жижиг мөөгөө мөөгний амтлагчтай тосонд шараад давс, хар перец, гүнжидийн тосоор амтлаад котлетон дээрээ тавина. Дуртай соусаараа амтлана.

      22. ТАН СУ ЮГ

      Орц: дуфу, улаан шар чинжүү, өргөст хэмх, хар мөөг
      Амтлагч: давс, мөөг амтлагч, цагаан будааны нунтаг, мангоны шүүс, алимны уксус, сахар, крахмал
      Дөрвөлжин хэрчсэн дуфугээ давс мөөг амтлагчаар амтлаад цагаан будааны нунтагтай холино. Нунтагаа жаахан чийглээд дахиад нэмж өгнө. Дуфуны гадаргууг бүрэн бүрхсэн байх хэрэгтэй. Халаасан их тосонд шарна. Хийнгүүтэй хутгаж болохгүй, жаахан хүлээж байгаад хутгана. Будааны нунтагны оронд крахмал хийж болно. Гадаргуу нь хатуу болоод жаахан шаргалтсан өнгөтэй болохоор нь шүүж авна.

      Соус
      Мангоны шүүс хайруулын тавганд хийнэ. Дээрээс нь давс, 2 халбага алимны уксус, 2 халбага сахар, час хийсэн мөртлөө чихэрлэг амттай байх хэрэгтэй хийнэ. Улаан шар чинжүү, өргөст хэмхэний хальс гурвалжин хэрчиж соусан дээрээ хийнэ. Дэвтээсэн хар мөөг жаахан хийнэ. Крахмалны уусмалаасаа хийнэ. Өөр жимсний шүүс хэрэглэвэл соус нь өөр өнгөтэй болно.


      23. САЛАТ ЕВРОП СОУСТАЙ

      Соус
      Оливын тос 3 халбага, лимоны шүүс, алимны цуу, давс, сахар хийж хутгана. Зуурмагийг буцалгахгүй халуун бүлээн байлгана. Хар перец хийгээд дээрээс нь сонгино үрүүлээр үрээд хийнэ.

      Яншуй, салатны навч, тасдаж хийгээд дээрээс нь огурцы, помидор, бууцай зэрэг хүссэн ногоогоо хийгээд соусаараа амтлана

      24. ДЕСЕРТ

      Орц: агарагар желатин орлуулагч, харахад нүдсэн пүнтүүз шиг, улаан шошны паста,
      1 литр усанд 25 грамм агарагар хийгээд зөөлөн гал дээр нэгэн төрлийн зуурмаг болтол нь буцалгана. Бэлэн болмогц зуурмагаа гал дээрээс аваад 400 грамм улаан шошны пастагаа нунтаг бурам маягийн хийж сайтар хутгана. 20-30 минут сэрүүн газар тавина. Улаан шошноос гадна жигнэсэн хулууны нухашийг сахартай холиод хийж болно. Тэгвэл улбар шар өнгөтэй болно.
       
      Чимэглэгч зуурмагнууд
      Оранж жүүс дээр алимны уксус хийгээд буцалгана. Дээрээс нь усанд шингэн зуурсан крахмалны уусмал жаахан хийгээд 1 халбага орчим хутгана.
      Бүх төрлийн жимсний шүүс хэрэглэж болно, ингэснээр өөр өөр өнгө гарч ирнэ, улаан,ногоон, бор, шар г.м.

      25. ШАРВИНТАЙ ОРООМОГ


      Орц: амталж шарсан мах бульгогны мах, эрдэнэ шишний гурил, гурил, буурцагны сүү, салат навч, өргөст хэмх
      Амтлагч: шар, ногоон, цагаан майонез, 5 халбага гурил дээр эрдэнэ шишийн гурил хийгээд жаахан давсаар амтлаад буурцагны сүүгээр зуурна. Шингэн зуурмаг бэлтгээд шарвин хайрна. блины Шарвин дээрээ салатны байцааны навч тавиад огурцы төмс хальслагчаар нимгэн хэрчиж тавиад дээр нь бульгогины шарсан махнаасаа тавиад орооно. Ороомогоо хэрчиж таваглаад шар ногоон цагаан майонезээр чимэглэнэ

      26. ГОЙМОНТОЙ ШӨЛ

      Орц: улаан лооль 4ш, сонгино 1/2, Мөөг, амтат чинжүү, Төмс гэх мэт өөрийн дуртай ногоонуудаа хийнэ. Мөн лемоны шүүс амтлагч орно.

      Хийх арга: Ногоо болон улаанлоолио сайтар угаагаад нарийхан хэрчиж бэлдэнэ.
      Гоймонгоо усанд хийгээд болгоно.
      Хайруулын тавганд тос хийгээд эхлээд сонгиноо хуураад дараа нь улаан лоолио хутгаад хэсэг хугацаанд хуурна.Үлдсэн ногоонуудаа хийгээд сайтар хутгаад усаа тааруулж хийнэ. Ногоог болсонүгүйг шалгаад хоол амтлагчаа хийнэ.
      лемоны шүүснээс хэдэн тусал хийгээд галыг нь багасгана.
      Ногоон сонгино жижиглэн хэрчээд гаргахдаа дээр нь тавина.

      27. ДҮПҮ МӨӨГНИЙ САЛАТ

      Орц: дүпү 1ш /400г/, мөөг-200г, давс, элсэн чихэр-1х/х, цуу-2х/х, сармис-0,5х/х, сонгино, гүнжидийн тос
      Хийх арга: дүпүгээ урт шоо дөрвөлжин хэрчинэ.
      Мөөгөө гараараа жижиглэж бэлдэнэ.
      Дүпүгээ давстай усанд хэсэг байлгаад хайруулын тавганд шараад тавгална.
      Мөөгөө шарна Шарахдаа мөн адил давс хийж өгнө. Соусаа бэлдэнэ.
      Давс, элсэн чихэр-1х/х, цуу/шингэн/-2х/х, гүнжидийн тос, сармис-0,5х/х, сонгино,зэрэгээ жижиглэн хутгаад бэлэн.
      Дүпүн дээрээ мөөгөө тавиад соусаа хийгээд
      Дээр нь бэлдсэн амтлагчаа тарааж асгаж өгөөд хоол бэлэн болно.

      28. УЛААН ЛООЛЫН ШПАГЕТТ

      Орц: Улаан лоол 2ш, сонгино 1/2, шпагеттны Гоймон 200-250г, лемон 3 Х/х, угсус 3тусал, элсэн чихэр 1 Х/х, давс 1Х/х, ольвын тос 3Х/х,/ 2-3 хүний орц /
      Хийх арга: Эхлээд соусаа бэлдэнэ.Улаан лоолоо 4 хувааж зүснэ.
      Буцалж байгаа усанд 30с орчим байлгаад хүйтэн усанд хийнэ.
      Улаан лоолын халисыг хуулаад
      1см хэмжээтэй хэрчинэ.Лемон , давс ,элсэн чихэрээ хйинэ.Ольвын тосоо хйигээд хутгана.
      сонгиноо хэрчээд усанд дэвтээж хурц амтыг нь гаргана.
      Усыг нь шүүгээд соусан дээрээ хийж хутгана.
      Гоймонгоо 10мин орчим чанана
      Хүйтэн усанд сойж усыг шүүж бэлдэнэ.
      Гоймон дээрээ соусаа хйиж хутгана

      Тайвшрал ...

      Хүний сэтгэл санаа тогтворгүй, ороо бусгай байх үе нь даана ч их юм даа. Заримдаа юу ч болоогүй байхад сэтгэл хөдөлнө, заримдаа гонсойно. Бүр заримдаа өөрөө асуудал эрж хайж, түүнийгээ олоод өөрийгөө зовооно. Чи нэг одоо л тайван сайхан байна уу гэсэн шиг, эсвэл тайван амгалангаас айгаад ч юм уу энэ тэндээс сэтгэл тавгүй болгох зүйлс эрж хайна, бүр болохгүй бол хэн нэгэнтэй муудалцвал би ингэж хэлнэ, тэгэж хэлнэ гэж оюун бодлоо зогсоо зайгүй л ачааллуулж байхын. Энэ зөвхөн миний жишээ шүү, гэхдээ нийт хүмүүсийг харж байхад энэ байдал бас хэлбэрээ өөрчлөөд л давтагдаад байдаг юм шиг байхын. 
      Нэг хором юу ч бодохгүй, юу ч эргэцүүлэхгүй тогтуун суугаад та нэг үзээрэй. Би нээрээ юу бодоод байна гээд өөрийгөө нэг сэрээд үзээрэй. Юу ч бодоогүй тэр агшинд хүн нэг их сайхан амралт, тайвшралыг мэдэрдгийн байна лээ. Өөр бусад юмс саад болохооргүй нам гүм орчинд өөрийн дотоод бодлоо цэгнэж, өөрийгөө сонсож тайван тогтуун хэдхэн хором суухлаар нэг их сайхан амарсан болохын. Энэ үйлдлээ ойр ойрхон давтаад тайван сайхныг мэдрээд ирэхлээр хүн амьдралд баяр баясалтай болж, элдэв хэрэггүй бодлуудыг зогсоох чадвартай болдог юм байна. 
      Хүн өөрт байгаа тайван амгалангаа ядаж өөрөө устгахгүй байж сурах хэрэгтэйн байна гэж сүүлийн үед их бодлоо. Бусдаас ирж буй элдэв муухай үгс, харц, энергийг тоохгүй, өөрийн тайван орчиндоо тухтай тухлахад энэ арга танд туслана гэж найдаж байна.
      Нөгөө талаас зарим хүмүүс бусдын сайхан, аз жаргалтай байдалд дургүй мэт байхын. Инээд алдсан, баяр баясал нүүр царайндаа тодруулсан хүнийг харахлаар нэг сонин болдог юм шиг байгаан. Уул нь тэр сайхан баяр баясалд нь даган баясч, өөрөө ч бас сайхан инээмсэглэвэл өөрт нь л хэрэгтэй санагдах юм даа. 
      Энэ бүгдийг тоохгүй, энэ бүхэнд автахгүй зөвхөн өөрийн дотоод ертөнцөө сонсоод тайван амгалан байхыг хүсье :-).


      Love,
      Lotus

      Sunday, October 9, 2011

      Энэ мэдрэмжийг мэдрээгүй яасан ч удсийнбдээ ...

      Хүмүүс бие биеэнээсээ чи юу хийх дуртай вэ? хобби чинь юу гэж их асуудаг даа. Тэгэхэд нь би hiking-д дуртай гээд хэнэг ч үгүй хариулдагийн. Сүүлийн үед битгий хэл бараг жил нэг ч явган аялалд яваагүйн байна (нэг тэмцээнийг эс тооцвол).  Хүн дуртай зүйлдээ ийм хайнга хандах уу даа, над шиг хүн л тэгдэг юм шиг байна. 
      Тэгсэн өчигдөр Богд Уул руу өдрийн hiking хийлээ. Байгаль гэж үнэн гайхалтай, модод үнэн үзэсгэлэнтэй сайхан байлаа. Woow, ямар гайхалтай юм бэ? woow, ямар гоё өнгөний зохицол вэ? woow, ямар сайхан нар вэ? woow горхины чимээ ямар гоё сонсогдож байнаа?  гээд л уулга алдсаар л явлаа шүү дээ. хэхэ. 
      Ойрдоо байгаагүйгээр нүд баясч, сэтгэл сэргэсээн. Ийм сайхан мэдрэмжийг хүсэхгүйгээр, харахгүйгээр яагаад ингэж их удсын болоо? Юу хийгээд л хотын утаа, чимээн дундаа бүгээд байсын болоо?? хэхэ.
      Явган аялах нь хүний эрүүл мэнд, гоо сайханд хэрэгтэйгээс гадна хүний дотоод мэдрэмж, гоо сайхныг сэргээж, цэцэглүүлдэг юм шиг байнаа. 
      Би өвлийн hiking-д илүү дуртай гэж өөрийгөө боддог байсын. Ой дунд явж байхад цас орвол бүр ч янзтай, гайхалтай байдагын. Гэсэн чинь намрынх дутахааргүй, гайхалтай юм байна. Байгаль эх 4 улиралаараа 4 өөр гоо сайхныг бидэнд өгдөгийн байна, аль нэг нь бусдаасаа илүү биш, дутуу ч биш. Бүгд төгс төгөлдөр, гайхам сайхан.., 

      Бүгдэнд нь ажлын амжилт,
      Love,

      Lotus


      Wednesday, September 28, 2011

      Заримдаа л анзаарахын ...

      Заримдаа хүн бусдыг байтугай өөрөө өөрийгөө ч ойлгохоо байчих юмаа. Сэтгэл санаа тогтворгүй, нэг их гэгэлзсэн үедээ би будизмын талаар ном унших дуртайн. Тэгэхлээр сэтгэл арай уужраад л явчдагын. Энэ бүр миний хувьд дадал болчихсын, сүүлдээ сэтгэл санаа тогтвортой, тогтворгүй хамаагүй ийм ном уншмаар санагдаад байдаг болчихж.
      Өмнө нь сэтгэл хөдөлсөн болон тавгүй үедээ найз нөхдөө дуудаад л, хамтдаа ярилцаж суух дуртай байждээ. Түрүү жилээс энэ байдал маань өөрчлөгдсийн байна, уул нь бөөнөөрөө хэлэлцвэл буруугүй гээд л найз нөхдөөсөө зөвлөгөө авах гээд л, өөрөө нээх мундаг юм шиг бас тэдэндээ зөвлөгөө өгөх гээд л байдаг байж, хэхэ. 
      Хүн аажим аажмаар өөрчлөгдөөд л байхын, тэрийгээ заримдаа л анзаарахын. Ингэхэд, би ном дангаар нь ерөөсөө уншдаггүйн, хэд хэдэн ном зэрэг эхлүүлээд нэг өдөр нэгийг нь, маргааш нөгөөг нь заримдаа хэд хэдийг зэрэгцүүлж тавьж байгаад солиод уншдагийн. Ингээд одоогоор уншиж байгаа номоо цухас танилцуулая. Мөн та бүхнийг уншихыг санал болгож байна.



      1. "Билүүн ухааны шаштир"
      2. "Тантарын дуудлага"

      Агнистын гэгээ цуврал номны 5, 8-р цувралууд. Надад орчуулагч П.Бадрал их чадварлаг санагдаад байдагийн. Сүүлийн үед бурханы шашны ном авах бол орчуулагчийг нь их хардаг болоод байгаа. Ер нь бол хүн нэг биш хэд хэд унших номнуудын гэж бодож байна.


      3.  "Атаархах зүйл үгүй"
      Энэ ном нь Хойд солонгост амьдардаг байгаад дөрвөж Өмнөд солонгост ирсэн хүмүүсийн дурьдатгалыг нийлүүлэн бичсэн америк сэтгүүлч хүүхний ном, одоогоор уншиж дуусгаагүй байгаа болохлоор ингэж л тайлбарлая. Тэр хүүхэн өөрөө Хойд солонгост хэд хэд очиж байсан юм байна лээ. Аль өнцгөөс нь харж унших нь өөрийн тань хэрэг, гэхдээ унших хэрэгтэй ном санагдсан.
      4. "Сайнаас агууд дэвшихүй"
      Ер нь боломжийн сайн байна гэдэг чинь их дэмий хоёрын хооронд зүйл, Агуу байхын дайсан гэж энэ номонд бичжээ. Нээрээ бодсон чинь үнэн ч юм шиг, сайн гэж үнэлэгдэхээрээ бүр агуу болохыг хүн нээх санадаггүй юм шиг байна. Энэ номыг худалч хүнд бараг хагас жил уншиж байгаа. Америкийн компаниудын түүхэн дээр үндэслэж бичигдсэн их хэрэгтэй ном санагдсан.




      Бичсэн зүйлээ буцаад уншсан чинь ямар ч эмх цэгцгүй юм биччихж. Ийш, тийшээ үсчсэн, хэхэ. Өнөөдөр нэг сэтгэл иймэрхүү л байлаа, цас бороо холилдон ороод бүр сэтгэл гэгэлзүүлчихлээ. 

      Love,

      Lotus