Хүний сэтгэл санаа тогтворгүй, ороо бусгай байх үе нь даана ч их юм даа. Заримдаа юу ч болоогүй байхад сэтгэл хөдөлнө, заримдаа гонсойно. Бүр заримдаа өөрөө асуудал эрж хайж, түүнийгээ олоод өөрийгөө зовооно. Чи нэг одоо л тайван сайхан байна уу гэсэн шиг, эсвэл тайван амгалангаас айгаад ч юм уу энэ тэндээс сэтгэл тавгүй болгох зүйлс эрж хайна, бүр болохгүй бол хэн нэгэнтэй муудалцвал би ингэж хэлнэ, тэгэж хэлнэ гэж оюун бодлоо зогсоо зайгүй л ачааллуулж байхын. Энэ зөвхөн миний жишээ шүү, гэхдээ нийт хүмүүсийг харж байхад энэ байдал бас хэлбэрээ өөрчлөөд л давтагдаад байдаг юм шиг байхын.
Нэг хором юу ч бодохгүй, юу ч эргэцүүлэхгүй тогтуун суугаад та нэг үзээрэй. Би нээрээ юу бодоод байна гээд өөрийгөө нэг сэрээд үзээрэй. Юу ч бодоогүй тэр агшинд хүн нэг их сайхан амралт, тайвшралыг мэдэрдгийн байна лээ. Өөр бусад юмс саад болохооргүй нам гүм орчинд өөрийн дотоод бодлоо цэгнэж, өөрийгөө сонсож тайван тогтуун хэдхэн хором суухлаар нэг их сайхан амарсан болохын. Энэ үйлдлээ ойр ойрхон давтаад тайван сайхныг мэдрээд ирэхлээр хүн амьдралд баяр баясалтай болж, элдэв хэрэггүй бодлуудыг зогсоох чадвартай болдог юм байна.
Хүн өөрт байгаа тайван амгалангаа ядаж өөрөө устгахгүй байж сурах хэрэгтэйн байна гэж сүүлийн үед их бодлоо. Бусдаас ирж буй элдэв муухай үгс, харц, энергийг тоохгүй, өөрийн тайван орчиндоо тухтай тухлахад энэ арга танд туслана гэж найдаж байна.
Нөгөө талаас зарим хүмүүс бусдын сайхан, аз жаргалтай байдалд дургүй мэт байхын. Инээд алдсан, баяр баясал нүүр царайндаа тодруулсан хүнийг харахлаар нэг сонин болдог юм шиг байгаан. Уул нь тэр сайхан баяр баясалд нь даган баясч, өөрөө ч бас сайхан инээмсэглэвэл өөрт нь л хэрэгтэй санагдах юм даа.
Энэ бүгдийг тоохгүй, энэ бүхэнд автахгүй зөвхөн өөрийн дотоод ертөнцөө сонсоод тайван амгалан байхыг хүсье :-).
Love,
Lotus
No comments:
Post a Comment